Олон Улсын Соёл Судлалын Их Сургуулийн Удирдлагын бодлого

Эдүгээ манай нийгэмд тулгарч буй асуудлын олонхи нь бүс нутаг, хил хязгаар, үндэстэн ястан, шашин шүтлэг, арьс өнгө зэрэг давхар давхар хүчин зүйлсээс бүрдэх боллоо. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд уламжлалт хэв загварт тулгуурласан судалгаагаар бус бүгдийг хамарсан, шинжлэх ухаанч, нэгдсэн арга барилд суурилсан шинэ сургалт судалгаа зайлшгүй шаардагдах боллоо.

Тохокү Их Сургуулийн ОУССИС нь (1) Дэлхийн бүс нутгуудын соёл болон тухайн соёлд хамаарах нийгмийн талаар судлах “Олон улсын бүс нутгийн соёлын онолын мэргэжил” (2) хэл, эдийн засаг, технологи, нөөцийн хавсарсан судалгааны үүднээс соёлын харилцааны хөгжлийн чиг хандлагын талаар судлах “Олон улсын соёлын харилцааны онолын мэргэжил” (3) хэл, соёл, боловсрол, гадаад хэлний дээд түвшний мэдлэг олгох “Олон улсын соёл хэлний онолын мэргэжил” гэсэн гурван салбартай. ОУССИС нь хүмүүнлэгийн болон нийгэм, байгалийн шинжлэх ухаан гэсэн уламжлалт сургалтын хүрээнээс тэлж, нэгдмэл, шинжлэх ухаанч, шинэлэг сургалт судалгааны байгууллагыг системийн хувьд бүрдүүлж чадсанаараа онцлогтой.

ОУССИС нь цаг үедээ зохицсон шинэлэг сургалт судалгааны байгууллага болох давуу талаа түшиглэн дэлхийн бүс нутгуудын хэл, соёл, нийгмийн хүчин зүйлс, дэлхийн бүс нутаг хоорондын олон улсын харилцаа, өнөөгийн хүн төрөлхтөний нийгмийн өмнө тулгарч буй олон асуудлын талаар шинжлэх ухаанч нэгдмэл сургалт судалгаа явуулна. Түүнчлэн сургалт судалгааны практикт тулгуурлан хүн төрөлхтөний иргэншил, соёлыг хөгжүүлэн дэмжихэд хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзлэлтэй оюутан сурагчдыг бэлтгэх, нийлмэл олон асуудал бүхий өнөөгийн интернационалч нийгмийн нөхцөлд японы дотоодод болон гадаад орнуудад ажиллах мэргэжлийн өндөр мэдлэгтэй “интернационалч” мэдрэмжтэй чадварлаг судлаач мэргэжилтэн бэлтгэх нь гол зорилт болж байна.

ОУССИС нь өөрийн сургалт судалгааны зорилго чиглэлд нийцэхүйц чадварлаг оюутан сурагчдыг хүлээж байдаг. Японы их дээд сургуулийн төгсөх ангийн оюутан төгсөгчид төдийгүй нийгэмд ажиллагсад, гадаадын аль ч орны оюутнуудын өмнө манай сургуулийн хаалга нээлттэй байна. Тус сургууль нь уян хатан сэтгэлгээтэй, өргөн уужим үзэл бодолтой, тодорхой түвшний хэлний чадвартай, олон улсын хэмжээнд ажиллах идэвхтэй бүтээлч судлаач, дээд зэргийн чадварлаг мэргэжилтэн болох ирмүүн хүсэл зорилготой оюутан та бүхнийг хүлээж байна.

Page Top