Graduate School of International Cultural Studies

Олон Улсын Соёл Судлалын Их Сургуулийн эрхэм зорилго

Тохокү Их Сургуулийн Олон Улсын Соёл Судлалын Их Сургууль (ОУССИС) нь 1993 оны 4 сард их сургуулийн шинэчлэлийн хүрээнд тус их сургуулийн анхны биеэ даасан магистрантур докторантурын сургалт явуулах сургууль болон байгуулагдсан юм. Уг сургуулийн зорилго нь бүс нутгийн соёл, соёлын харилцааны солилцоо, хэлний судалгаатай холбогдох олон улсын асуудлаар нэгдмэл тулгуур ач холбогдолтой сургалт судалгаа явуулахад орших ба өнөөгийн олон улсжилт, даяарчлалын өрнөлт дэвшилттэй хөл нийлүүлэн Японы дотоодод болон гадаадад ажиллаж амьдарч, дэлхий дахинаа хувь нэмэр оруулах чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд оршино.

Эдийн засгийн харилцааны олон улсжилт болоод хүмүүсийн харилцаа солилцоо улам бүр тэлж улс үндэстний хил хязгаараас халин давах болсноор хүмүүсийн харилцан ойлголцох явдал идэвхжсэн эерэг талтай хэдий ч хүмүүсийн харилцааны явцад үндэстэн болон бус нутгуудын хооронд эдийн засгийн болон соёлын ноцтой зөрчил үүсгэх сөрөг талыг мөн агуулна. Иймэрхүү зөрчил маргаан нь хүмүүсийн хэл яриа, сэтгэж бодох арга хэлбэрийн зөрүү ялгаанаас бус, тодорхой бүс нутгийн түүх, соёл, шашин, мөн чанарыг дутуу ойлгож үнэлсэнээс урган гарах явдал цөөнгүй байдаг. Улмаар энэ нь улс үндэстэн хоорондын үймээн мөргөлдөөнд хүргэж буйг ч үгүйсгэх аргагүй. Харамсалтай нь өнөөдөр ч мөн шашны болон соёлын ташаа ойлголт, үл эвлэрлээс үүдэлтэй үндэстний болон бүс нутгийн үймээн мөргөлдөөн үргэлжилсээр байна. 21-р зууны дэлхий ертөнц нь улам бүр хил хязгааргүй болон даяаршиж, өнөөдрийн Япон улсын хувьд олон улсын харилцаа, хамтын ажиллагааг дээд хэмжээнд хөгжүүлэн явуулахын тулд, гадаад улс гүрнүүдийн хэл соёл түүхийг ойлгож судлах нь эн тэргүүний хэрэг болоод зогсохгүй, олон улсын харилцаа хамтын ажиллагааны мөн чанар, түүнд хамаарах олон нарийн төвөгтэй асуудалд гүнзгий үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай дээд зэргийн мэргэшсэн судлаач, бизнес мэргэжилтнийг бэлтгэн хүмүүжүүлэх нь үндсэн гол асуудлын нэг болж байна. Чухам энэ шаардлагын үүднээс ОУССИС нь сургалт судалгаа явуулж, мэргэжлийн тодорхой явцуу хүрээнд хязгаарлагдахгүй, интернационалч өргөн үзэл бодолтой өндөр ур чадвартай бүтээлч мэргэжилтэн судлаачдыг бэлтгэхэд чиглэнэ.

Мэдээлэл даяаршлалын энэ эрин үед дэлхий ертөнц нь соёлын талаар ч, эдийн засгийн талаар ч эрчимтэй нэгдэн нийлэх хандлагатай байна. Бүс нутаг бүрийн соёл нь өөр өөрийн түүхэн үндэс сууринд тулгуурлан хөгжиж, өөр өөрийн соёлын онцгой шинж төрхийг хадгалж ирсэн хэдий ч өөр бусдын соёлтой харилцах болсноор бусдын соёлд нэгдэн адилшиж байна. Ийнхүү нэгдэн адилших соёлыг "Олон Улсын Соёл" хэмээн нэрлэх аваас "Олон Улсын Соёл" –ын судалгаа гэдэг нь бүс нутаг бүрийн соёлын үүсэл, хөгжил, харилцаа солилцооны өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар өнөөдрийн даяарчлалын нэгдмэл өнцгөөс судлах судалгааны салбар болно" хэмээн тодорхойлж болно. Соёлын тухай тодорхойлолт нь туйлын хэлбэршээгүй аморф ойлголт бөгөөд өөртөө хэл, шашин, үзэл суртал, уран зохиол, урлаг төдийгүй түүх, нийгэм, байгаль, шинжлэх ухаан, технологи, эдийн засгийн үйл ажиллагаа, боловсрол, амьдралын хэв маягийг агуулдаг. ОУССудлалд дээрх бүс нутгуудын асуудал нь ямар нөлөөтэй болох, соёлыг бүрдүүлэхэд ямар хувь нэмэр болж буй болох зэрэг, өнөөдрийн өндөрлөгөөс урган гарч буй асуудлуудын талаар нэгдсэн цогц үзэл баритмтлалын үүднээс авч үзэж, соёлын олон талт байдал, өвөрмөц шинж болон нийтлэг ба ижилсэлийн талаар судалж соёлын үнэн мөн чанарыг тайлан судлахыг зорино. Өөрөөр хэлбэл олон давхаргат нийлэг цогц тогтолцоо бүхий ОУСССудалгаанд хүмүүнлэг, нийгмийн болон байгалийн шинжлэх ухааны олон салбарт удтал ноёрхож нэгэнт тогтчихсон уламжлалт загвар, арга барил, ойлголт төсөөллийг эвдсэн шинэ сэтгэлгээний арга барил, шинжлэх ухаанч хандлагыг эрэлхийлж байна.

"Олон Улсын Соёл"-ын судалгаа нь шинжлэх ухааны салбар болохын хувьд хөгжлийн эхний шатанд явж байна. 21-р зууны дэлхий дахины шаардаж буй бүс нутгийн соёл, хэл, нийгмийн тогтолцооны талаарх ойлголтууд, өөр соёл хоорондын нэгдсэн ойлголтууд, хүн төрөлхтөн мөнхөд энх тайвнаар зэрэгцэн орших нөхцөл боломж, дэлхийн бөмбөрцгийн хэмжээгээр тавигдаж буй хүрээлэн буй байгаль орчин, байгалийн нөөц баялгийн асуудал зэрэг олон практик асуудлыг шийдвэрлэхийн тулд ч онолын хүрээний шинжлэх ухаанч судлалыг хөгжүүлж, үргэлж өөрчлөгдөж буй олон улсын соёлын алив элементүүдийн талаар нягт нямбай тодорхойлон авч судлах эрдмийн шинэ салбар ухааныг бүрдүүлэхийг зорилго болгоно.

Page Top